Thursday, May 26, 2011

“Англи хэлний боловсролын үндэсний хөтөлбөр”

 2008 оны 7дугаар сарын                                              Улаанбаатар  хот
         16-ны өдөр                                    
                                                             Дугаар 293                                       
                                                                                            

 “Англи хэлний боловсролын үндэсний
хөтөлбөр” батлах тухай

 
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
   
1. “Англи хэлний боловсролын үндэсний хөтөлбөр”-ийг          1 дүгээр хавсралт, “Англи хэлний боловсролын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
 
2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгах болон хандивлагчдын зээл, тусламж, хөрөнгө оруулагчдын дэмжлэг авах замаар санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Н.Болормаа, Сангийн сайд Ч.Улаан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
 
3. Хөтөлбөрийг бусад төсөл, хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд  Н.Болормаад даалгасугай.
 
 
 Монгол Улсын Ерөнхий сайд                              С.БАЯР
  Боловсрол, соёл, шинжлэх
        ухааны сайд                                                  Н.БОЛОРМАА
 
 
  Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 293 дугаар
                     тогтоолын 1 дүгээр хавсралт
 
 
АНГЛИ ХЭЛНИЙ БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
Дэлхийн интернет мэдээллийн 70 орчим хувь болон дэлхийн шилдэг 500 гаруй их, дээд сургууль англи хэлээр үйл ажиллагаа явуулж, гэрээ, хэлэлцээрийн дийлэнх нь англи хэл дээр хийгдэн улс хоорондын болон олон улсын түвшинд англи хэлний гүйцэтгэх үүрэг, хэрэглээ эрс өсч байна.
Монгол Улсад англи хэлний боловсролын хурдацтай хөгжил нь англи хэлний боловсрол олгох үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, англи хэлний боловсролын стандарт, хөтөлбөр, сурах бичиг, сургалтын орчинг сайжруулах, багшлах боловсон хүчин бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх ажлыг олон улсын жишигт нийцүүлэх, англи хэлний боловсролыг дээшлүүлэхэд байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэргээр англи хэлийг мэдээлэл харилцаа, ажил хэргийн гол хэрэгсэл болгон хөгжүүлэх зайлшгүй шаардлагыг үндэслэн энэхүү хөтөлбөрийг боловсруулсан болно.
 
Хоёр. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим
 
2.1. хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг Монгол Улсын боловсролын салбарын хөгжлийн бодлого, холбогдох хууль тогтоомж, бусад төсөл, хөтөлбөртэй уялдуулах;
 
2.2. англи хэлний мэдлэг нь мэдээлэл, боловсрол эзэмших харилцааны гол хэрэгсэл байх шаардлагыг үндэс болгох;
2.3. хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг хүн амын боловсролын түвшин, эрэлт хэрэгцээ, сонирхол, боломжид тулгуурлан идэвхжүүлэн чанаржуулах;
2.4. хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь нээлттэй, хүртээмжтэй, уян хатан, чанартай байх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, сонирхогч талын эрэлт хэрэгцээ, оролцоог хангасан байх;
2.5. олон улсын жишигт хүрч, үндэсний онцлогт нийцсэн байх.
 
Гурав. Хөтөлбөрийн зорилго, зорилт
 
Англи хэлний боловсролын үндэсний хөтөлбөрийн зорилго нь  англи хэлний боловсрол  эзэмших таатай нөхцөлийг бүрдүүлэх, англи хэлийг мэдээлэл, харилцаа, ажил хэргийн гол хэрэгсэл болгон хөгжүүлэхэд оршино.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилтыг тавьж байна:
3.1. Англи хэлний боловсролыг хөгжүүлэх зорилгоор удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, англи хэлний боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж мөрдүүлэх. Хөтөлбөрийн энэхүү   1 дэх зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
   3.1.1. англи хэлний боловсролын өнөөгийн байдалд олон улсын мэргэжлийн байгууллагын дэмжлэгтэйгээр судалгаа, шинжилгээ хийж үнэлэлт, дүгнэлт гаргах;
  3.1.2. англи хэлний боловсрол хөгжүүлэх асуудал хариуцсан мэргэшсэн байгууллага бий болгох асуудлыг судалж, шийдвэрлэн англи хэлний сургалт, судалгаа, шинжилгээний ажлын түвшинг олон улсын жишигт хүргэн өргөжүүлэх;
  3.1.3. олон улсын жишигт нийцсэн англи хэлний сургалтын стандарт,  хөтөлбөр болон сургалтын үр дүнд хийх хяналт, шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлтийг гадаад орны мэргэжлийн байгууллагатай хамтран боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх.
  3.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн тогтвортой эх үүсвэр бий болгох, сургалтын таатай орчинг бүрдүүлэх, багшлах боловсон хүчин, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх. Хөтөлбөрийн энэхүү 2 дахь зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
  3.2.1. хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсвийн хөрөнгө, хандивлагч орны зээл, тусламж, хөрөнгө оруулагчдын дэмжлэг туслалцаатай бүрдүүлж, зүй зохистой ашиглах механизм бий болгох;
  3.2.2. англи хэлний боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, сонирхогч талтай холбоо тогтоон өргөжүүлж, хамтарсан арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлэх;
  3.2.3. англи хэлний сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадаад орны нэр хүндтэй их, дээд, дунд сургууль, олон улсын байгууллагын салбар, төвийг Монгол Улсад байгуулах асуудалд бүх талын дэмжлэг үзүүлж, англи хэлний сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил, үйлчилгээнд дэвшилтэт арга хэлбэрийг нэвтрүүлэх;
  3.2.4. англи хэлний сургалтын орчинг стандартын шаардлагад нийцсэн техник, тоног төхөөрөмж, заах арга зүйн хэрэглэгдэхүүнээр хангах;
  3.2.5. англи хэлний онлайн, офлайн, блендэд сургалт явуулах цахим лаборатори байгуулж ашиглах;
  3.2.6. англи хэлний сургалтын гарын авлага, материалыг үндэсний онцлогт нийцүүлэн боловсруулж, цахим хэлбэрт шилжүүлж олон нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх;
  3.2.7. хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернет, гар утас зэрэг мэдээллийн техник, хэрэгслийг ашиглан англи хэлний зайн сургалт явуулах;
 
3.2.8. иргэд, төрийн албан хаагчдад англи хэлний хэрэглээний боловсрол олгож түүний түвшинд тавигдах шаардлагыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж мөрдүүлэх, урамшууллын механизм бий болгох;
  3.2.9. англи хэлний багш бэлтгэж, тэдгээрийн мэргэшил, чадавхийг тасралтгүй дээшлүүлэх ажлыг бусад хөтөлбөрүүдтэй уялдуулан зохион байгуулах;
  3.2.10. багшлах боловсон хүчний чадавхийг сайжруулж, нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр 150-иас доошгүй багшийг олон улсын жишигт нийцсэн англи хэлний багшлах эрхийн сертификаттай болгох ажлыг хэрэгжүүлэх; 
  3.2.11. иргэдийн англи хэлний мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэхэд зайн болон албан бус сургалтын арга хэлбэрийг өргөнөөр ашиглах;
  3.2.12. англи хэлний боловсролын түвшинг тогтоох үнэлгээний санг бий болгох;
  3.2.13. үнэлгээний стандартын дагуу англи хэлний сургалтын байгууллагыг аттестатчилах ажлыг зохион байгуулах.
  3.3. Англи хэлийг мэдээлэл, харилцаа, ажил хэргийн  гол хэрэгсэл болгон хөгжүүлэх арга хэмжээ авах. Хөтөлбөрийн      энэхүү 3 дахь зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
3.3.1. англи хэл дээр явуулах мэдээллийн хөтөлбөр, цахим сүлжээ, сонин, сэтгүүл зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийг өргөжүүлэх;
  3.3.2. англи хэлний багш бэлтгэх сургалтын агуулга, хөтөлбөрийг шинэчлэн, мэргэжлийн зарим хичээлийг англи хэлээр явуулах;
  3.3.3. гадаад орны мэргэжлийн их, дээд сургуульд мэргэжил дээшлүүлэх, дадлага хийх болон оюутны солилцоог өргөжүүлэх ажлыг зохион байгуулах;
  3.3.4. төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнуудын ажил, мэргэжлийн онцлогт тохирсон англи хэлний сургалт зохион байгуулах;
  3.3.5. олон улсын гэрээ, хэлэлцээр, Монгол Улсын хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг тогтоосон эрх зүйн баримт бичиг, олон нийтэд болон гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан мэдээ, судалгаа, эрдэм шинжилгээ, бүтээлийн мэдээллийн санг англи хэл дээр бэлтгэх арга хэмжээ авах.

 Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат, хяналт-шинжилгээ, үнэлгээ 
4.1. Энэхүү хөтөлбөрийг  2009-2020 онд 3 үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
  4.1.1. I үе шат: 2009-2012 онд иргэдэд англи хэлний боловсрол эзэмшүүлэх удирдлага, зохион байгуулалтын орчинг бүрдүүлж, олон улсын жишигт нийцсэн англи хэлний боловсролын стандарт, агуулга, арга зүй, сургалтын технологи, сургалтын орчин, сурах бичиг, хэрэглэгдэхүүн, үнэлгээний арга зүйг нэвтрүүлж, багшлах боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх ажлыг өргөжүүлнэ.
  4.1.2. II үе шат: 2013-2015 онд англи хэлийг иргэдийн боловсрол эзэмших, мэдээлэл олох харилцаа, ажил хэргийн гол хэрэгсэл, хэрэгцээ болгох тогтолцоог бүрдүүлнэ.
  4.1.3. III үе шат: 2016-2020 онд англи хэлний боловсрол эзэмших үйл явцыг өргөжүүлэн чанартай боловсрол, ажил, үйлчилгээ, бүтээгдэхүүнийг бий болгож, англи хэлийг мэдлэг, мэдээлэл хүртэх гол хэрэгсэл болгон хөгжүүлэх бэлтгэлийг бүрэн хангана.
  4.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг үндэсний хэмжээнд бусад төсөл, хөтөлбөртэй уялдуулан зохион байгуулах, хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах  арга хэмжээг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна. 
  4.3. Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, хянах үүрэгтэй ажлын хэсгийг байгуулж ажиллуулж болно.
  4.4. Хөтөлбөрийг тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг Засаг дарга хариуцна.
  4.5. Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Засгийн газарт жил бүр танилцуулж байна.
 
Тав. Хөтөлбөрийн санхүүжилт
  5.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ:
  5.1.1. улс, орон нутгийн төсвийн хөрөнгө;
  5.1.2. хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл, тусламж, хандив;
  5.1.3. төрийн болон төрийн бус байгууллагын санаачилгаар хуримталсан хөрөнгө;
  5.1.4. иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгө;
  5.1.5. бусад эх үүсвэр.
 
Зургаа. Хөтөлбөрийн үр дүн
  6.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:
  6.1.1. мэдээлэл авах, мэдлэг, чадвар эзэмших боломж нэмэгдэж, өрсөлдөх чадвар сайжирна;
  6.1.2. иргэд англи хэлийг мэдээлэл, харилцааны гол хэрэгсэл болгон ашиглах боломж нэмэгдэнэ;                           
  6.1.3. боловсролын ажил, үйлчилгээний шинэ дэвшилтэт хэлбэр бий болно;
  6.1.4. хүний нөөцийн чадавхи дээшилж, боломж нь өргөжинө;
  6.1.5. англи хэлний боловсролын олон улсын жишигт нийцсэн стандарт, хөтөлбөр, сурах бичиг, сургалтын орчин бий болно;
  6.1.6. англи хэлний багш нарын мэргэжлийн ур чадвар дээшилнэ;
  6.1.7. 2020 онд англи хэлний нийт багш нарын 50-иас доошгүй хувь нь олон улсын жишигт нийцсэн англи хэлний багшлах эрхийн сертификаттай болсон байна.
 
Долоо. Хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт
   7.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:
  7.1.1. англи хэлний боловсрол эзэмшүүлэх эрх зүй, санхүү, техник технологи, сургалтын таатай орчин бүрдсэн байдал;
  7.1.2. англи хэлний боловсрол чанартай эзэмших олон улсын жишигт нийцсэн боловсролын стандарт, агуулга, арга зүй, хөтөлбөр, сургалтын төлөвлөгөө, технологи нэвтэрч хэрэгжсэн байдал;
  7.1.3. англи хэлний боловсрол эзэмшүүлэх боловсролын тогтолцоо тогтворжин чанаржсан байдал;
  7.1.4. сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, ажил, үйлчилгээнд англи хэлийг чөлөөтэй ашиглаж чадах боловсон хүчин, багш, сурагч, оюутан, иргэдийн тоо;
  7.1.5. англи хэлний боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаа тогтворжиж, явуулсан сургалт, судалгаа, шинжилгээ, гаргасан эрдэм шинжилгээний бүтээлийн тоо, чанарын өсөлт;
  7.1.6. англи хэлний боловсрол эзэмшүүлэх, хэрэглээ болгох чиглэлээр бий болсон ажил, үйлчилгээ, бүтээгдэхүүний тоо, чанар, зах зээлийн тогтвортой өсөлт;
  7.1.7. хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн оролцооны өсөлт;
  7.1.8. хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулсан төсвийн хөрөнгө оруулалт, зээл, тусламж, хандивын хэмжээ, үр ашиг, бүтээмж.
 
 










No comments:

Post a Comment